Цөөн үгээр

- Иргэдийн анхааралд - 2023 оны "Хадлангийн газар хуваарилалт" - Онцлох мэдээлэл

9-р сарын мэдээ

Нийтэлсэн: 1 жилийн өмнө Үзсэн: 63
Удирдлага, зохион байгуулалтын чиглэлээр:
Иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, хууль эрх зүйн сургалт сурталчилгааг зохион байгуулах ажлын хүрээнд “Авлигатай тэмцэх тухай хууль”, “Газрын тухай хууль”, “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай” хуулийн таниулга сурталчилгааг Төрийн захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн, Нийгмийн бодлогын мэргэжилтэн, Хөдөлмөр, халамж үйлчилгээний мэргэжилтэн нар хамтран зохион байгуулж 211 айл өрхийг хамруулан явуулын сурталчилгааны ажлыг хийж гүйцэтгэлээ. Мөн багийн Засаг дарга нартай хамтран сумын хэмжээнд архи согтууруулах ундаагаар үйлчилдэг дэлгүүрүүдэд хяналт шалгалтын ажлыг  зохион байгуулж, цагийн хуваарьт өөрчлөлт оруулах тухай саналыг авч холбогдох байгууллагад хүргүүлэн ажиллалаа.
Монголын ахмадын холбооны 91 жилийн ойг тохиолдуулан сумын Ахмадын холбооноос зохион байгуулсан “Ахмадын хишиг өдөр” арга хэмжээний хүрээнд 2 ахмад ажилтан Засаг даргын Тамгын газрын нэг өдрийн үйл ажиллагаатай танилцан залуу үедээ зөвлөн туслаж, санал бодлоо харилцан солилцлоо.
Мэдээллийн ил тод байдлыг хангах зорилгоор иргэд олон нийтэд цаг үеийн шинэ мэдээ мэдээллийг батлагдсан хуваарийн дагуу бэлтгэн “Сэлэнгэ Орхон сум ЗДТГ”, “Сэлэнгэ аймгийн Орхон сум” “Нарт Орхоны хүүхдүүд” “Selenge Orhon Emt” зэрэг албан ёсны фейсбүүк хаягуудад нийт 18 удаагийн мэдээ мэдээллийг байршуулж, давхардсан тоогоор 1423 хүнд таалагдаж, 326 сэтгэгдэл, 63 шейр хийгдсэн байна.
Сумын хэмжээнд есдүгээр сард коронавируст халдвар /Ковид-19/-ын 1 тохиолдол бүртгэгдсэн байна.
 
Нийгмийн бодлогын чиглэлээр:
Дэлхийн Зөн Монгол Олон Улсын Байгууллага, сумын Засаг даргын Тамгын газартай хамтран 24 сарын хугацаанд 30 өрхийг сонгон авч “Өрхийн орлогоо нэмэгдүүлэх, бизнес эрхлэх ур чадварын сургалт сурталчилгаа, эрүүл мэндийн боловсрол олгох сургалт, бизнес эрхлэхэд шаардлагатай тоног төхөөрөмжийн дэмжлэг”-ийг үзүүлэн 2022 оны 09 сарын 09-ний өдөр “Үр дүнгийн баяр”-аа  амжилттай тэмдэглэж,  үзэсгэлэн худалдаа зохион байгууллаа. 
Өрхийн амжиргааг сайжруулах зорилгоор дараах хөрөнгө оруулалтын ажил хийгдлээ. Үүнд: 
Тугалтай бяруутай үхэр- 9 өрх 
Оёдлын машин-2 өрх
Хүлэмж-5 өрх
Өндөг дарагч, тахиа-3 өрх
Гахай аж ахуй эрхлэх-3 өрх 
Тахианы аж ахуй-3 өрх 
Ааруул хатаагч-3 өрх
Мужааны тоног төхөөрөмж-1 өрх
Гар утас засвар-1 өрх
Баганан тулгуур гутлын машин-2 өрх
Дугуй засвар-1  өрхөд / нийт санхүүжилт 59 983 000/ олгосон байна. Мөн Гэр бүлийн туршилтын хөтөлбөрт шинээр хамрагдах 9 өрхөд 50 литрийн  багтаамжтай цэвэр усны сав олголоо. 
Сумын  нутаг дэвсгэрийн хэмжээнд  “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль тогтоомж”-ийг сурталчлах, хүчирхийллийн нөхцөл байдал, эрсдэлтэй гэр бүл, иргэд  /энэ төрлийн нуугдмал гэмт хэрэг/-ийг илрүүлэх зорилгоор Бэлэндалай багийн 201 өрхийн судалгааг дараах байдлаар гарган маршрутын дагуу ажиллалаа.  Үүнд:
Мал малладаг хүүхдийн судалгаа-3
Ногооны талбайд хөлсөөр ажилладаг хүүхдийн судалгаа-12
Өөр аймаг сумаас ирж хамаатныдаа амьдардаг хүүхдийн судалгаа-19
Архины хамааралтай өрх /иргэн/-8
ХБ-тэй хүүхэд, магадлан комиссоор ороогүй ХБ хүүхэд-2
Сургууль завсардсан хүүхэд-0
Өрх толгойлсон малчин-0
Хойд эцэг,эхтэй хүүхдийн судалгаа-11
Гэр бүлийн хүчирхийлэлтэй өрх-6
Үе тэнгийнхний  дарамтад орж болзошгүй хүүхэд-0 гэсэн судалгааг гаргаж тандалт хийж  ажиллалаа.
Нэгдсэн Үндэсний байгууллагаас  жил бүрийн 8 сарын 12-ны өдрийг “Дэлхийн залуучууд”-ын өдөр болгон зарласан ба тус өдрийг тохиолдуулан “Хүртээмжит нийгэм: Залуусын оролцоо-хөдөлмөр эрхлэлт” залуучуудын хөгжлийн сарын аяны хүрээнд сумын Засаг даргын 2022 оны “Залуучуудын хөгжлийн салбар зөвлөл байгуулах тухай”  А/93 тоот захирамжийг шинэчлэн баталлаа.
Байгаль орчны чиглэлээр: 
Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутаг дэвсгэрээс хориотой үед зөвшөөрөлгүй хуш модны самар түүж бэлтгэсэн Орхон аймгийн харьяат  1 иргэн, Дархан-Уул аймгийн харьяат 1 иргэнд тус бүр 300.000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ тооцож, 685 кг самрыг хурааж улсын орлого болгон Баруунбүрэн сумын Засаг даргын Тамгын газарт хүлээлгэн өглөө. 
Тус сумын 2-р багийн Мангирт гэх газарт эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй газар ашигласан 1 иргэнд Зөрчлийн тухай хуулийн дагуу 500.000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ тооцсон байна. 
 
Мал аж ахуйн чиглэлээр:
Хүнс Хөдөө Аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яам, Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг дэмжих төсөл, аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газартай хамтран хэрэгжүүлж байгаа нутгийн үүлдрийн хонийг Франц улсын махны чиглэлийн “Меринос” үүлдрийн хоньтой хэрэгцээний эрлийзжүүлэг явуулах арга хэмжээнд хамрагдсан 2 өрхийн эрлийз хурганд үзлэг хийх, амьдын жингийн урьдчилсан жигнэлтийг явуулах ажлыг “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг дэмжих төсөл”-ийн мэргэжилтэн, мал зүйч нартай хамтарч зохион байгууллаа. Тус үзлэгт нутгийн болон эрлийз 40 тоо толгой хургыг хамрууллаа. 
Сэлэнгэ аймгийн Хүнс хөдөө аж ахуйг газраас гаргасан  малын тэжээлийн хадлан бэлтгэх төлөвлөгөөгөөр сумын хэмжээнд 7042 тн хадлан бэлтгэхээр тусгагдсан, одоогийн байдлаар 4100 тн өвс бэлтгээд байгаа бөгөөд ажлын гүйцэтгэл  58.2 хувьтай байна. 
Мал эмнэлгийн чиглэлээр:
Сумын Засаг даргын 2022 оны “Бруцеллёз өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилга, дархлаажуулалтын зохион байгуулах тухай” А/92 тоот захирамжийн дагуу Бүрэн-Орхон ХХК нь 81 өрхийн 1200 тугал, 65 өрхийн 10600 хурга ишиг, Эгдэм БГБХН нь 72 өрхийн 800 тугал, 78 өрхийн 12000 хурга ишгийг вакцинд хамрууллаа.                                                                                                                          
Мал амьтны халдварт шимэгч өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор сумын хэмжээнд хонь-13954, ямаа-11187 нийт 25141 толгой бог малыг угаалгад хамруулаад байна..
Мал эмнэлгийн 58 цахим гэрчилгээнд хяналт тавьж, баталгаажуулалт хийлээ.
 
Хөрөнгө оруулалт, дэд бүтцийн чиглэлээр:
Цагдаагийн байр болон сумын төвийн 6 дугаар хэсгийн айлуудад халаалтын шугам тавих 120000000 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий ажлыг “ЭЛ СИ БИ” ХХК-тай гэрээ байгуулан 2022 оны 08 дугаар сараас эхлэн ажил хийгдэж 50 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна.
“Монгол туургатны зам” ХХК-тай 50000000 төгрөгийн гэрээ байгуулан Бэлэндалай багийн 42-р зөрлөгийн зам засвар, тэмдэг тэмдэглэгээ, замын гэрэлтүүлгийн ажил хийгдэж байгаа бөгөөд ажлын явц 90 хувьтай байна.